“Эхийн алдар” одонг яаж хэзээнээс эхлэн авах вэ?
Шинээр одон авах эхчүүд харъяа орон нутгийнхаа нийгмийн ажилтнаар дамжуулан Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгч, Ерөнхийлөгчийн тамгын газрын одон олгодог журмын дагуу одонгоо 2010 оны 6 дугаар сараас эхлэн авах юм.
Одон авсан эхчүүдийн хувьд манай Хөдөлмөр, халамжийн байгууллагууд мөнгийг олгоход бэлэн ажиллаж байна. Шинээр одон авах болон одонгийн зэрэг ахисан эхчүүд мөнгөн тусламж, болон зөрүүгээ ондоо багтаад авах боломжтой.
“Эхийн алдар” одонтой эхийн тухай
Одоогийн байдлаар хичнээн эх Эхийн алдар одонтой байна вэ?
Одоогийн байдлаар “Эхийн алдар” одонтой 129,0 мянган эх байгаа. Үүнээс :
1. “Эхийн алдар” 1 дүгээр зэргийн одонтой / 8 ба түүнээс дээш хүүхэдтэй/ 37,6 мянган эх,
2. “Эхийн алдар” 2 дугаар зэргийн одонтой /5- 7хүүхэдтэй/ 91,4 мянган эх байна.
“Эхийн алдар” одонтой эхэд ямар хэмжээний мөнгөн тусламж олгож байна вэ?
УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор 2010 оны 10 дугаар сараас эхлэн “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн байгаа.
Өөрөөр хэлбэл “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 100,0 мянган төгрөг өгдөг байсныг нэмэгдүүлж 200,0 мянган төгрөг, Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 50,0 мянган төгрөг өгдөг байсныг нэмэгдүүлж 100,0 мянган болгон нэмэгдүүлсэн юм. Энэ арга хэмжээтэй холбогдуулан одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн зөрүүг 2010 оны эцсээс эхлэн олгосон юм.
2011 онд “Эхийн алдар” одонтой эхчүүдийн мөнгийг хэзээнээс эхлэн олгох вэ?
2011 оноос “Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай” шинэ хууль хэрэгжиж эхлээд байна.
i. Харин “Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай” хуулийн хүрээнд одон авах нөхцөлийг багасгаж, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхийг 2 дугаар зэргийн, 6 ба түүнээс дээш хүүхэдтэй эхийг Эхийн алдар 1 дүгээр зэргийн одонгоор шагнах болсонтой холбоотойгоор 2011 онд шинээр одон авах эхчүүдийн тоо нилээд нэмэгдэхээр байгаа. Нийт 2011 онд “Эхийн алдар” одонтой 242,5 мянган эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 33,2 тэрбум төгрөг төсөвлөсөн.
ii. Хуучин “Эхийн алдар” одонтой 129,0 мянган эхэд жилд нэг удаа олгох 100,0 мянга, 200,0 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг 2 дугаар сарын 20-ноос эхлэн олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тааруулан харъяа банкуудаар нь олгох юм.
“Эхийн алдар” 1, 2 дугаар зэргийн одонг хоёуланг нь авсан эхчүүд ямар хэмжээний мөнгөн тусламж авах вэ?
“Эхийн алдар” 1, 2 дугаар зэргийн одонтой эхийн хувьд 1-р зэргийн одонгийн 200,0 мянган төгрөгийг жилд нэг удаа авна. Хоёр одонтой эхийн хувьд давхцуулан мөнгөн тусламж авахгүй.
Шинээр одон авах эхчүүд хаана, хэнд хандах вэ?
Хөдөө орон нутагт сумын Засаг даргын тамгын газарт, нийслэлд хороод дээрээ очиж материалаа бүрдүүлж өгнө.
Шинээр одон олгох ажлыг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, холбогдох бичиг баримтыг үндэслэн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Одон авах эхчүүд өөрийн иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтаа бүрдүүлж харъяа орон нутгийн захиргааны байгууллагаараа дамжуулан иргэдийн хуралд хандах хэрэгтэй. Тэгэхдээ хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх шаардлагатай.
Шинээр одон авах эхчүүдийн одонг хэзээнээс эхлэн олгох вэ? Одон авсан эхчүүд энэ оны мөнгөн тусламжаа яаж авах вэ?
Өмнөх жилүүдэд “Эхийн алдар” одонг Эх үрсийн баярын үеэр өгдөг байсан ба энэ онд ч энэ жишгээр өгөх ба одон олгох хүний тоо, бэлтгэл ажил их байгаа тул 6 сарын 1-ээс эхлэн сүүлийн хагас жилдээ багтаж шинээр одон олгох ажлыг зохион байгуулна.
Шинээр одон авах эхчүүд “Эхийн алдар” одонгоо авсны дараагаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан хандан, “Эхийн алдар” одонгийн үнэмлэхээ авч очин, одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжаа авч болно.


